card

УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН ХҮРЭЭНД ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА

Уур амьсгалын ногоон сан нь төсөл, хөтөлбөрийг тус сангаар магадлан итгэмжлэгдэн эрх бүхий байгууллагаар дамжуулан санхүүжүүлдэг. Итгэмжлэгдсэн байгууллагуудыг Үндэсний (шууд хандалттай) болон Олон улсын гэж 2 ангилна. Хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна олон улсын байгууллагууд итгэмжлэгдэх боломжтой юм. Одоогоор итгэмжлэгдсэн байгууллагын тоо 95-д хүрээд байна. Монгол улсаас Хасбанк ХХК нь 2016 оны 10-р сард УАНС-аар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Монгол улсын төдийгүй дэлхийн анхны итгэмжлэгдсэн хувийн арилжааны банк болсон юм. Хасбанк нь жижиг буюу 10-50 сая ам. долларын санхүүжилт бүхий байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн хувьд дунд зэрэглэлийн эрсдэлтэй төслүүдийг хэрэгжүүлэх болзлыг хангасан.

 

Итгэмжлэлийг төсөл/хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ (бичил, жижиг, дунд, том), байгаль орчин, нийгмийн эрсдэлийн зэргээс (бага, дунд, өндөр) хамааран хэд хэдэн түвшинд ангилдаг бөгөөд Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ямарч байгууллага тус сангийн тохирох түвшний итгэмжлэлд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой. Хүсэлт гаргаж буй үндэсний байгууллага нь ҮЭББ/ҮЗ-аар дамжуулан санд хандах бөгөөд итгэмжлэл олгох ажлын хэсэг нь тухайн байгууллагыг санхүүгийн чадавхи, төслийн менежментийн туршлага, байгаль орчин, нийгмийн хамгаалал, жендэрийн тэгш байдал зэрэг стандартын дагуу үнэлж, 3 үе шат бүхий үнэлгээнд тэнцсtний эцэст итгэмжлэл олгох шийдвэрийг сангийн Удирдах зөвлөл гаргадаг.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоос үзнэ үү:

https://www.greenclimate.fund/accreditation

https://www.xacbank.mn/page/gcf-news

Хүсэлт илгээх