НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн Үндэсний гуравдугаар тайлан-илтгэл боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, улмаар зогсоох, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, дасан зохицох арга хэмжээ авах эрх зүйн үндэслэл, бодлого, стратегийн үндсэн чиглэл нь 1992 оны 06 дугаар сарын 03-14-ний өдрүүдэд Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан Байгаль орчин ба хөгжил сэдэвт НҮБ-ийн бага хурлаас батлагдаж, 1994 оноос хүчин төгөлдөр болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (цаашид “УАӨСК” гэх) болон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэн 2005 онд хүчин төгөлдөр болсон Киотогийн протокол юм.

Конвенцийн 4 дүгээр зүйлд заасан ёсоор УАӨСК-д оролцогч талууд нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрийн улс орны хөгжлийн зорилго, нөхцөл, тэргүүн зорилт зэргийг харгалзан Талуудын бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээлт ба эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралт болон бусад холбогдох арга хэмжээ, мэдээллийн үндэсний тайланг боловсруулж, үе үе шинэчилж, Талуудын бага хуралд оруулж байх үүрэгтэй. Энэ хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр Монгол улсын УАӨСК-ийн хэрэгжилтийн талаарх үндэсний гуравдугаар тайлан илтгэлийг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төслийг эхлүүлээд байна.  БОНХАЖ-ын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-118 тоот тушаалаар Байгаль хамгаалах санг төсөл хэрэгжүүлэх байгууллагаар томилсон ба төслийн нэгжийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Төслийн талаарх товч мэдээллийг дор оруулав.

 

Төслийн нэр:

Монгол улс: НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн Үндэсний гуравдугаар тайлан-илтгэл боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл

Зорилго:

Монгол улсын УАӨСК-ийн 4.1, 12.1-р заалтад заасан хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, конвенцийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх.

Дугаар:

GFL-2328-2724-4B36-2215

Төрөл:

Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Хэрэгжүүлэгч байгууллага:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны

Байгаль хамгаалах сан

Хугацаа:

2015 оны 3-р сараас 2017 оны 12-р сар

Санхүүжилт:

ДДБОС: 480,000 ам.доллар; Монгол улсын ЗГ: 48,000 ам.доллар (мөнгөн бус)

Тайлан-илтгэлийн бүрэлдэхүүн хэсгүүд:

  1. Үндэсний нөхцөл байдал
  2. Үндэсний хүлэмжийн хийн тооллого, тооцоо
  3. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал эрсдэлийн үнэлгээ & дасан зохицох стратеги
  4. Хүлэмжийн хийн ялгаралтыг сааруулах үнэлгээ & стратеги
  5. Бусад холбогдох мэдээлэл:
    • Технологи дамжуулалт,
    • Судалгаа, системтэй ажиглалт,
    • Боловсрол, сургалт, олон нийтийг мэдээллээр хангах,
    • Мэдээлэл түгээлт ба сүлжээ,
    • Конвенцийн хэрэгжилтийг хангахад учирч буй саад бэрхшээл, санхүү, технологи, чадавхи бэхжүүлэх хэрэгцээ шаардлага

Төслийн эцсийн үр дүнгээр НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн Үндэсний гуравдугаар тайлан-илтгэл боловсруулагдаж гарна.

Хүсэлт илгээх