"Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь" төсөл

Үндэсний Хүлэмжийн хийн тооллого нь тухайн улсын хувьд өөрийн орны хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн талаар ойлголттой болох, улмаар ялгарлыг бууруулах бодлого, арга хэмжээг боловсруулж, явцыг хянах үндэс суурь болдог.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC\НҮБУАӨСК)-ийн хүрээнд 2014 он хүртэл хүлэмжийн хийн тооллогыг 2 удаа хийж гүйцэтгэсэн. Гэвч эдгээр нь төсөл хэлбэрээр хэрэгжсэн ба институцын нэгдсэн тогтолцоо болон техникийн мэргэшсэн боловсон хүчний чадавхи сул зэрэг хүчин зүйлээс болж хүлэмжийн хийн тооллогыг тогтмол байдлаар хийх боломжгүй байв. Иймд Монгол Улс 2014 онд НҮБУАӨСК-ийн шийдвэр, үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн тооллогыг хийх чадавхийг бэхжүүлэх зорилгоор техникийн туслалцааны дэмжлэг авах хүсэлтийг Японы Засгийн газарт тавьсан. Энэхүү техникийн хамтын ажиллагааны төслийн судалгааг ЖАЙКА 2016 оны 2-р сар, 2017 оны 3-р сард тус тус хоёр үе шаттайгаар хийж гүйцэтгэсэн. Эдгээр судалгааны үр дүнд хүлэмжийн хийн тооллогыг бэлтгэн явуулахад салбар хоорондын болон салбар тус бүрийн чанартай асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.

Судалгааны явцад ЖАЙКА болон Монголын тал зөвшилцөж төслийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлон Хурлын тэмдэглэлийг (M/M) үзэглэсэн. БОАЖЯ болон ЖАЙКА төслийн үйл ажиллагааны Хэлэлцүүлгийн тэмдэглэл (R/D)- ийг 2017 оны 6-р сарын 27-нд хамтран албажуулж, 4 жилийн хугацаатай энэхүү төслийг 2017 оны 10-р сард албан ёсоор эхлүүлээд байна.

Хүсэлт илгээх