НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурлын эхний долоо хоногийн тойм

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ДҮРМИЙН НОМ батлах

Энэ удаагийн хурлаас хүлээж буй хамгийн том үр дүн болох Дүрмийн номыг батлах ажлын хүрээнд талууд чиглэл чиглэлээр эрчимтэй зөвлөлгөөн, хэлэлцээр өрнүүлэв.

Хэлэлцээрийн гол асуудал нь Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орнуудын оруулах Хувь нэмэр (NDC), зорилт, хэрэгжилт, ил тод байдал, санхүү, технологи, дасан зохицох, сааруулах арга хэмжээтэй холбоотой үндсэн зарчмыг тодорхойлоход оршиж байв.

Эхний долоо хоног Конвенцийн Шинжлэх ухаан, технологийн байгууллага (SBSTA), Хэрэгжилтийг хангах байгууллага (SBI) болон Парисын хэлэлцээрийн Онц ажлын хэсгийн (APA) хурлууд тус бүрийн хариуцсан асуудлуудын хүрээнд үр дүнтэй хуралдсан боловч, SBSTA-ийн хүрээнд “Судалгаа ба системтэй ажиглалт”-тай холбоотой асуудлаар саналын зөрөлдөөн гарч, шийдвэрт хүрч чадаагүй. Энэ оны 10 дугаар сард Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос (IPCC) гаргасан “1.5С градусын дэлхийн дулаарал”-ын тайлан улс орнуудыг сэрээж, шуурхайлахад томоохон хүчин зүйл болсон ч, үүнийг хүлээн зөвшөөрөх гэдэгтэй газрын тосны ашиг сонирхол бүхий Саудын Араб, Орос, Кувейт зэрэг улс орнууд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлснээр уг асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулах шийдвэр гарлаа.

Санхүү

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд өндөр хөгжилтэй орнууд жилд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгох зорилго тавьсан нь бодит байдал дээр хэрэгжилт удаан байгаад хөгжингүй орнууд бухимдаж байгаа бөгөөд санхүүгийн асуудлыг зөвхөн хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлэх гэж оролдох нь буруу гэсэн байр суурьтай байна.

Одоогоор Уур амьсгалын ногоон санд 10 гаруй тэрбум ам.доллар бүрдсэнээс төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хуваарилалт хийж, дөнгөж 2 тэрбум ам.доллар байгаа нь улс орнуудын хөгжлийн чиг хандлагыг бүрэн өөрчилж, тулгамдаж буй дэлхийн дулаарлыг сааруулахад огт хангалтгүй гэж хөгжингүй орнууд үзэж байна. Иймд олон улсын түвшинд тогтвортой санхүүжилтийг баталгаажуулах, тодорхойлсон санхүүгийн зорилтоо биелүүлэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, мөн үндэсний түвшинд санхүүгийн салбарыг шинэчлэн ногоон, тогтвортой хөгжлийг дэмжсэн механизмыг яаралтай бий болгох шаардлагатай зэрэг асуудлуудын талаар хөндөж ярилцав. Тодорхой үр дүнтэй шийдэл, шийдвэр хараахан гараагүй байгаа бөгөөд 2 дахь долоо хоногийн сайд нарын хэлэлцээрээс тодорхой ахиц, үр дүн хүлээж байна.

Үүнтэй холбогдуулж Дэлхийн банк 5 жилийн хугацаанд уур амьсгалын санхүүжилтээ 200 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлав. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци болон Олон талын хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын агентлагаас уур амьсгалын чиглэлээр босгох санхүүжилтийн 50%-ийг дасан зохицох хүчин чармайлтад зарцуулахаа мэдэгдэв.

2020 оноос өмнөх бэлтгэл ажил

Өндөр хөгжилтэй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг тодорхойлсон Киотогийн Протоколын 2 дугаар үүрэгт хугацаа (2013-2020), Дохагийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хэрэгжих учиртай ч, талууд уг баримт бичгийг гүйцэд соёрхон батлаагүйгээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхгүй байна. Энэхүү асуудал нь Талуудын хурлын үеэр хөгжингүй орнуудын хувьд хөгжилтэй орнуудад тавьж буй чухал асуудлын нэг юм. Нийт 144 улс баталснаар хүчин төгөлдөр болох Дохагийн нэмэлт өөрчлөлтийг одоогийн байдлаар 122 улс соёрхон баталсан. Монгол Улс 2018 оны 11 сарын 28-ны өдөр уг баримт бичгийг Засгийн газрын тогтоолоор батлаад байна.

Хэдийгээр тус баримт бичиг нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй ч, өндөр хөгжилтэй улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй хүчин чармайлтаа дурдсаны дотор Норвег, Герман улсууд одоогийн санхүүгийн дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлэх, Финлянд улс чадавхи бэхжүүлэх, бэлэн байдлыг дэмжих чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргах, Япон улс Уур амьсгалын ногоон санд оруулах дараачийн дэмжлэгээ хүргүүлсэн. Мөн Европын холбоо тодорхойлсон санхүүгийн дэмжлэгээ бататгаж, хэрэгжүүлэхээр зорьж байгаа тухай тус тус илэрхийллээ.

Шударга шилжилтийн тунхаг бичиг (Just Transition Declaration)

Талуудын бага хуралд оролцогчид бараг бүгд нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, халах асуудлыг дэмжиж байгаа хэдий ч, энэ жилийн хурал болж буй Катовице нүүрсний уурхайн хотод олон мянган хүн уг салбарт ажил, хөдөлмөр эрхэлсэн хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний салбараас нүүрсийг халах асуудлыг эсэргүүцэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Польш улсын зүгээс Шударга шилжилтийн тунхаг бичгийг санаачлан гаргасан бөгөөд гол зорилго нь бохир түлшнээс татгалзаж буй энэхүү эдийн засгийн шилжилтийн шинэ үед ард иргэд, ажилчид, нийгмийн эрх ашгийг хамгаалахыг засгийн газруудад уриалсан үндсэн санааг агуулснаараа онцлог. Одоогоор тус тунхаг бичигт 40 улс орон нэгдээд байна.

Хамтдаа өөрчлөлтийг хийе тунхаг бичиг (Driving Change Together Declaration)

Англи болон Польш улсын хамтарсан санаачлагын хүрээн дор уг тунхаг бичгээр улс орны төр засаг, орон нутгийн эрх баригч байгууллага болоод хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлыг эрхэмлэж, тогтвортой тээвэр ба цахилгаан-хөдөлгөөн (e-mobility)-ийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалан дуудав.

Тус тунхагт 5 тивийн 38 улс, 1500 хот, мужийн төлөөлөл, олон улсын байгууллага болон 1200 аж ахуйн нэгж нэгдээд байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь энэ удаагийн Талуудын 24 дүгээр Бага хурлын нэгэн чухал ач холбогдол бүхий санаачилгад тооцогдож байна. Түншлэлийн энэхүү хэрэгжилтийг хангах зорилгоор итгэлцлийн санг Дэлхийн банктай хамтран байгуулах юм.

Одоогийн байдлаар дэлхий нийтээр дэлхийн дулаарлыг 2 градуст хязгаарлаж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын түвшинг 2010 онтой харьцуулахад 20%, 2075 он гэхэд ялгаралгүй болох зорилт тавиад байгаа билээ. Гэтэл саяхны “1.5 градусын дэлхийн дулаарал”-ын тайлангын дүгнэлтээр бид хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 онтой харьцуулахад 50% бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг тэглэх шаардлагатай гэсэн үр дүнг харуулсан. Зарим улс орон шинжлэх ухаанаар батлагдаад байгаа бодит нөхцөл байдалтай тулхаасаа илүү бизнесийн эрх ашгийг тэргүүлэгч зэрэглэлд авч үзэх хандлага гаргаж, хэлэлцээрийг удаашруулж байгаа ч, нийт талуудын болоод олон нийтийн чиг хандлага, авах арга хэмжээ улам эрчимжин өргөжиж, улс орнуудын хөгжлийн бодлогын чухал асуудал болж байгаа нь ажиглагдаж байна. Ямартай ч, одоогоор баталгаажуулаад байгаа хүчин чармайлт, хувь нэмэр нь хангалтгүй байгаа тул улс орнууд илүү зоригтой зорилт тавьж, шийдвэртэй алхам хийхийг Конвенцийн зүгээс улс орнуудад уриалж, анхааруулсаар байна.

Иймд улс орнууд нүүрс болон бусад бор түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчээ нэмэгдүүлж, цахилгаан тээвэрт шилжиж, ногоон бизнесийн дэмжлэгээ улам эрчимжүүлж, энэхүү хүчин чармайлтанд бүх салбарын төлөөллийн идэвхитэй оролцоо, хүчин чармайлт чухал болохыг онцолж байв.

Энэ удаагийн Талуудын 24 дүгээр хурлын гол үр дүн болох дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь 2 дахь долоо хоногийн сайд нарын түвшний хэлэлцээрээс бүрэн хамаарах хүлээлттэй байна. Тус хуралд Монгол Улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Польшид суугаа Элчин сайдын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар болон Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллүүд оролцож байна.