НҮБ-ЫН ТАЛУУДЫН 24 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН ТОЙМ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 24 дүгээр бага хурал 2018 оны 12 дугаар сарын 2-14-ний өдрүүдэд Польш Улсын Катовице хотноо зохион байгуулагдлаа. Энэ жилийн хуралд 200 гаруй улс болон бусад төрийн бус байгууллагууд оролцлоо. Энэ жилийн хурлаас хүлээж байсан гол үр дүн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Дүрмийн номыг батлах байв. Хоёр долоо хоног үргэлжилсэн хурлын үеэр талууд маш шургуу хэлэлцсэн ч, зарим асуудлууд дээр нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар нэг өдөр сунгаж, 15-ны өдөр нэгдсэн шийдвэрт хүрч Дүрмийн номыг батлав.

Маргаантай гол асуудал нь өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд нэгэн ижил зарчмаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй эсэх: Үндэсний хувь нэмрийг тодорхойлох, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлж эхлэх хугацаа, биелэлтийг тайлагнах хугацаа, арга зам, дэмжлэг үүний дотор урт хугацааны санхүүгийн тогтолцоог бий болгох, зарцуулалт, хэрэгжилтийг дүгнэх гэх мэт нарийн зарчмын асуудлуудыг авч хэлэлцэв. Өмнөх талуудын хуралдааны үеэр өндөр хөгжилтэй, хөгжиж буй орнуудаас бүрдсэн бүлгүүд хоорондын сонирхлын зөрчил давамгайлдаг байсан бол энэ удаагийн хурлаар АНУ, Саудын Араб, Кувейт, ОХУ гэсэн газрын тосны ашиг сонирхол бүхий улсууд болон нийт бусад талуудын хооронд саналын зөрөлдөөн гарч байснаараа онцлог байв. Энэ удаад Хятад, Бразил, Өмнөд Африк, Энэтхэг гэсэн хөгжиж буй орнууд зарим асуудлаар, тухайлбал, хөгжиж байгаа улс орнууд нь өндөр хөгжилтэй улс орнуудаас ялгаатай үүрэг хүлээх, мөн өндөр хөгжилтэй орнууд санхүүгийн үүрэг хүлээх ёстой гэсэн асуудал дээр санал нэгдэж, хэлэлцээрт оролцов.

Талуудыг нэгдсэн зөвшилцөлд хүрэхийг уриалж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутэррэс, Талуудын 24 дүгээр бага хурлын Ерөнхийлөгч Микал Куртика, Фижи улсын ерөнхий сайд болоод Талуудын 23 дугаар бага хурлын ерөнхийлөгч асан Фрэнк Баинимара зэрэг төлөөллүүд “...бидэнд өөр боломж байхгүй. Хэрэв энэ удаад бид амжилтанд хүрч чадахгүй бол Парисын хэлэлцээр хэрэгжиж чадахгүй.

Энэ удаад амжилтанд хүрэхгүй байх нь “ёс зүйгүй” бөгөөд “амиа хорлосон” хэрэг болно...” хэмээн анхааруулж, талуудыг нэн яаралтай нэгдсэн зөвшилцөлд хүрэхийг шахаж байв. Талуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан Таланоа хэлэлцээрийн улс төрийн буюу сайд нарын түвшний хэлэлцүүлэг 11-ний өдөр зохион байгуулагдав. Үүний зэрэгцээ мөн өндөр дээд хэмжээний хурлын хоёрдугаар хэсэг 11, 12-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд улс орнууд нэгдсэн байдлаар уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах асуудал нь нийт хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа тэргүүлэх зэргийн, шийдвэрлэх асуудал болоод байгаатай санал нэг байгаагаа илэрхийлж байв.

Дээд хэмжээний хурлын үеэр Монгол улсыг төлөөлөн Дээд хэмжээний хуралдаан, Таланоа болон сэдэвчилсэн хэлэлцүүлэгт Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч З.Батжаргал оролцож хэлсэн үгэндээ "Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг улсын тоонд ордог бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох чиглэлээр олон талын болон хоёр талт механизмын хүрээнд идэвхитэй ажиллаж байгааг тэмдэглэж, Монгол Улс нь Парисын хэлэлцээр батлагдахаас өмнө тодорхойлсон Үндэсний зорилтот хувь нэмэр (INDC)-тээ үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд хүрэх түвшингээс 14 хувиар бууруулах зорилго тавьсан ба энэ зорилгоо ахиулан тодорхойлж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) баримт бичгийг боловсруулан 2020 он гэхэд өргөн барихаар төлөвлөж байгаа"-г мэдэгдэв. Түүнчлэн, энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Киотогийн протоколын Дохагийн нэмэлт өөрчлөлтийг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор баталсан  бөгөөд  үүгээрээ Конвенцийг хэрэгжүүлэх олон улсын хүчин чармайлтад хир хэмжээний хувь нэмэр оруулах эрмэлзэл төгөлдөр байгаагаа илэрхийлэв. Монгол Улс цаашид Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн ялдамд энэ оны 10 дугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC)-ноос гаргасан дэлхийн дулаарлын түвшинг 1.5 хэмд хязгаарлах тухай тусгай тайланг бүрэн дэмжиж, хөгжиж буй орнуудын бүлгийн гишүүний хувьд, тус бүлгээс дэвшүүлж буй саналуудыг бүрэн дэмжиж байгааг илэрхийлэв.

Энэ удаагийн бага хуралд Монгол улсаас оролцсон албаны төлөөллүүд үндсэн хуралдаан, Таланоа хэлэлцээрт оролцож байр сууриа илэрхийлснээс гадна, зэрэгцээ зохион байгуулагдсан 30 гаруй холбогдох салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцсоноос 12 арга хэмжээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож, танилцуулга хийв. Үүнээс онцолбол: НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн 2 жил тутмын тайлан илтгэлийг олон улсын шинжээчдийн зөвлөлд танилцуулж баталгаажуулсан, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл (NDC Partnership)-ийн арга хэмжээнүүдэд шинээр байгуулсан онлайн платформын нээлтэд мөн илтгэгчээр оролцов. ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй хүлэмжийн хийн үндэсний тооллогын чадавхи бэхжүүлэх төслийн талаар салбар арга хэмжээнд илтгэл тавьж, танилцуулга хийв. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлт, Далайд гарцгүй улс орнуудтай тулгарч буй сорилт ба боломж арга хэмжээнд илтгэгчээр  оролцож, Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын симпозиумд илтгэл тавьж, Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизмын хэрэгжилтийн талаарх баримтат кино танилцуулж, илтгэл хийсэн. Хүлэрт намгийн талаарх тунхаг бичиг байгуулах чиглэлийн хэлэлцүүлэгт оролцож Монгол улсын хувьд хүлэрт намгархаг газрын ач холбогдлыг онцгой чухал болохыг тэмдэглэв.   

Ерөнхийд нь дүгнэхэд, энэ удаагийн Талуудын 24 дүгээр бага хуралд нөлөө бүхий орнуудын улс төрийн өндөр түвшний төлөөллүүд төдийлөн оролцоогүй бөгөөд үүнд Европын Холбооны улс төрийн нөхцөл байдал, нийгмийн хямрал, Францын жагсаал, Бразилын шинэ ерөнхийлөгчийн идэвхгүй байр суурь зэрэг бусад хүчин зүйлс мөн нөлөөлсөн гэж үзэж байна. Хэлэлцүүлгийн явцад АНУ, ОХУ, Саудын Араб тэргүүтэй газрын тос үйлдвэрлэгч Булангийн орнуудын хэт болгоомжилсон байр суурь нилээд бэрхшээл учруулж байв.

Хурлын явц, үр дүн, ахиц муутай, удаан явагдаж байсан нь нийт хэлэлцэгч талуудаас гадна Засгийн газрын бус бусад талууд болох төрийн бус байгууллага, иргэний нийгэм, салбар чиглэлийн мэргэжлийн холбоод, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага гэх мэт оролцогчдын бухимдлыг төрүүлж байсан нь ажиглагдсан ба ялангуяа залуус, уугуул нутгийн иргэдийн төлөөллийн яг одоо нэгдэж, бодитой арга хэмжээ авахыг шаардсан дуу хоолой, жагсаал нь анхаарал татсан чухал үйл явдлуудад тооцогдож байв.

Эцсийн дүнд  хурлын  хугацааг  сунгаж хэлэлцсэнээр Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Дүрмийн номыг баталсан нь энэ удаагийн хурлын чухал, томоохон ололт болов. Учир нь үүний үр дүнд 2020 оноос эхлэн Парисын хэлэлцээр хэрэгжиж эхлэхээр болж, улс орнууд "хүрэн" эдийн засгийг үе шаттайгаар халж, хүлэмжийн хийн ялгарлаа тооцон, ил тод байдлаар тайлагнаж,  2030-2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал багатай/саармаг, цэвэр технологид суурилсан, тогтвортой хөгжлийг цогцлоохоор эргэж буцалтгүй үүрэг хүлээв.

Дүрмийн номоос гадна онцолж дурьдах 3 төрлийн тунхаг бичгийг боловсруулан батлав. Үүнд:

  1. Шударга шилжилтийн тунхаг бичиг (Just Transition Declaration) Шударга шилжилтийн тунхаг бичгийг Польшийн Засгийн газраас санаачилсан бөгөөд "хүрэн" эдийн засгаас "ногоон" эдийн засаг бүхий хөгжил рүү шилжих шилжилтийг ард иргэд, ажилчдад хохиролгүйгээр хийх уриалга бүхий агуулгатай. Уг тунхаг бичигт одоогоор 40 улс нэгдээд байна.
  2. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ойн салбарын оруулах хувь нэмэр (Forests for Climate) Польш улсаас санаачилсан хоёр дахь энэ тунхаг бичиг Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд ой болон ойн бүтээгдэхүүний үүргийг нэмэгдүүлж, энэ салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр тууштай арга хэмжээ авахыг дэмжих үндсэн зорилготой. Тус тунхаг бичгийг сайд нарын хэлэлцээрийн үеэр дэмжиж батлав.
  3. Хамтдаа өөрчлөлтийг хийе тунхаг бичиг (Driving Change Together Declaration) Хамтдаа өөрчлөлтийг хийе тунхаг бичгийг Польш болон Англи улс хамтран санаачилсан бөгөөд уг баримт бичгийн хүрээнд төр засаг, орон нутгийн эрх баригч байгууллага болоод хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгэм зэрэг талууд нэгдэн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлыг эрхэмлэж тогтвортой болон цахилгаан тээвэр (e-mobility)-ийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх уриалга гарган нэгдсэн. Тус тунхагт 5 тивийн 38 улс, 1500 хот, мужийн төлөөлөл, олон улсын байгууллага болон 1200 аж ахуйн нэгж нэгдээд байна. Тус Түншлэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор итгэлцлийн санг Дэлхийн банктай хамтран байгуулан хэрэгжүүлэхээр тогтов.

Монгол Улс дээрх санал, санаачлага, тунхаг бичгийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.