Австралийн ой, хээрийн түймэр зогсох шинжгүй байна...

    Австрали Улсад сүүлийн хэдэн арван жилийн туршид тохиолдоогүй ой, хээрийн түймрийн гамшиг өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Австрали даяар нүүрлээд буй түймрийн хиймэл дагуулын зураг / 12 -р сарын 26 /

 

Улсын хэмжээнд нийт 24 хүн амиа алдаж, Шинэ Өмнөд Уэльс мужид гэхэд л 1,300 гаруй байшин нуржээ. Мөн Сиднейн их сургуулийн экологчид түймэрт 480 сая амьтан, түүний дотор 8,000 коала буюу уутат баавгай амиа алдсан гэж тооцоолсон бол тэдний амьдрах орчны гуравны нэг нь устсан гэж Австралийн Байгаль орчны сайд Суссан Лей мэдэгдэв. Холбогдох байгууллагууд, бусад улсаас гал унтраах тусламж авсан ч их хэмжээний галын дөлийг унтрааж чадахгүй тэмцсээр байна.

Тасралтгүй халалт, хуурайшилт нь энэхүү ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа бөгөөд эдгээрийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.

 

Гал түймрийн хор уршиг

Австралид халуун, хуурай цаг агаараас үүдэн ой, хээрийн түймэр ихэсдэг цаг үеийг гал түймрийн улирал гэж нэрлэдэг. Хамгийн сүүлд 2009 онд тохиолдсон томоохон түймрийн гамшиг Виктория мужид гарсан бөгөөд уг гамшгаар 173 хүн амиа алджээ. Гэвч энэ удаагийн түймрийн нөхцөл байдал илүү хүндэрч, галын дөл хурдтай тархаж, гал унтраахад хүндрэлтэй байна. Австрали хэдэн арван жилийн турш болж байгаагүй хамгийн хуурай ган гачигтай нүүр тулж байгаа бөгөөд тус улсын Цаг уурын товчооноос өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэнээр өнгөрөгч хавар түүхэндээ хамгийн хуурай улирал байжээ. Үүний зэрэгцээ, 12 дугаар сард гарсан халалт нь улсын хэмжээнд дундаж температурыг дээд хэмжээнд авчирсан бөгөөд зарим газраар 40 хэмээс дээш халалттай байна хэмээжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь түймэр, үер гэх мэт байгалийн гамшгийн цар хүрээ, нөлөөллийг улам дордуулж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал улам эрс тэс болж байна.

Мөн түймрийн утаанаас гарсан үнс нь аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтийн гамшиг болоод буй мөсөн голын хайлалтыг хурдасгаж байна. Цас, мөсний цагаан өнгө нь нарны цацрагийг өөртөө шингээлгүй ойлгож, цас хайлах явцыг удаашруулдаг бол үнс, тоос зэрэг нь цасан дээр тогтсоноор нарны дулааныг илүү ихээр шингээж, цас мөсийг хурдан хайлуулж байна. Дэлхийн дулаарлын улмаас Шинэ Зеландын 3,000 гаруй мөсөн гол хурдацтайгаар хайлан, энэ зууны төгсгөл гэхэд бүхэлдээ хайлан алга болох магадлалтай.

 

Авч буй арга хэмжээ

Муж болон Холбооны удирдлагууд түймрийн гамшигтай олон сарын турш тэмцэж байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаанаас 12 дугаар сард онц байдал зарласан бөгөөд орон нутгийн түймрийн албаны комиссарт засгийн газрын нөөцийг хуваарилах, засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэх "онцгой эрх мэдлийг” олгосон. Мөн Куинслэнд муж 11-р сард онц байдал зарлажээ.

Зөвхөн Шинэ Өмнөд Уэльсийн газар нутаг дээр 2,300 гал сөнөөгчид ажиллаж байгаа бөгөөд АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг улсаас нэмэлт гал сөнөөгчдийг туслуулахаар илгээжээ.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: https://edition.cnn.com, https://www.independent.co.uk