Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал

Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал нь газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарыг оруулахгүйгээр дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 27 орчим хувийг эзэлдэг бөгөөд дотоод болон гадаад дахь үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтөд асар их нөлөө үзүүлдэг.

Хятад улс бодлогынхоо хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн Үндэсний Тодорхойлсон хувь нэмрээ боловсруулсан бөгөөд хэрэв зорилтдоо хүрнэ гэж үзвэл 2030 он гэхэд тус орны хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ ойролцоогоор 13.7-18.4Гт.СО2-экв болно гэж тооцоолжээ. Хятад улс өнөөгийн бодлогын дагуу явбал хүлэмжийн хийн ялгарал нь 2030 он хүртэл өсөх хандлагатай боловч 2020 оны сүүлээс өсөлтийн хэмжээ аажмаар буурахаар ажиглагдаж байна. 

 

Харин 2019 оны 12 дугаар сараас хамгийн анх Хятад улсын Үхань хотноо дэлгэрсэн Коронавирус буюу КОВИД-19-ийн нөлөөнөөс үүдэн сүүлийн хоёр долоо хоногт Хятадын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дөрөвний нэгээр буурсан болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь Хятад улс тус вирусээс үүдэн үйлдвэрлэлийн цагийг багасгаж, барилгын талбай, дэлгүүрүүдийн хаалгыг барьснаар нүүрсний хэрэглээ багасаж, ган төмөр бүтээгдэхүүний гарц буурсантай холбоотой аж.

Энэхүү шинэ төрлийн коронавирус нь Хятад улсын Ухань хотод 2019 оны 12 сард анх гарсан бөгөөд одоогоор дэлхий даяар тархалт нь эрчимжин Антарктид тивээс бусад тивд нийт 83,000 хүн өвчлүүлж 2,800 гаруй хүний аминд хүрээд байна.

 

Зургийн эх сурвалж: Жонс Хопкинс их сургуулийн Системийн шинжлэх ухаан, инженерийн төв; БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс; орон нутгийн засаг захиргаа

Жил бүрийн өвөл Хятадын цагаан сарын баярын үеэр дэлгүүр, барилгын талбай долоо хоног орчим хаагдаж, ихэнх үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоодог. Энэхүү баярнь эрчим хүчний хэрэгцээ, үйлдвэрлэлийн гарц болон хүлэмжийн хийн ялгаралд богино хугацаанд ихээхэн нөлөө үзүүлдэг.

Харин энэ жил КОВИД-19 вирусээс үүдэн цагаан сарын битүүний үеэс хойш 30 гаруй хоног Хятад орны нүүрсний хэрэглээ бага байна. Доорх графикт Хятадын зургаан томоохон цахилгаан станцын өдөр тутмын нүүрсний хэрэглээг Хятадын цагаан сарын өмнөх болон дараах үетэй харьцуулан харуулсан байна. Өмнөх жилүүдэд цагаан сарын битүүний өдрөөс хойших 10 өдөр нүүрсний хэрэглээ энгийн өдрүүдтэй харьцуулахад 50%-иар бага байсан дүр зургийг харж болно. Энэ жилийг улаан өнгөөр тэмдэглэсэн бөгөөд КОВИД-19 вирусээс шалтгаалан нүүрсний хэрэглээ сар гаруйн хугацаанд бага хэмжээтэй байна. 30 гаруй өдөр үргэлжлэн бага байна.

Гэвч байгаль орчны мэргэжилтнүүд энэхүү бууралт нь түр зуурынх бөгөөд Хятадын Засгийн газар эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах  зорилгоор бохирдол ихтэй үйлдвэрлэлийг нэмэх шийдвэрийг гаргавал энэ нь байгаль орчинд эсрэгээрээ сөрөг үр дагавар үзүүлнэ хэмээн анхааруулж байна. Ногоон Энхтайван (Greenpeace) байгууллагын  Хятад дахь бодлогын зөвлөх Ли Шуо “Коронавирус намжсаны дараа бохирдлоо нөхөж бий болгох магадлал маш өндөр байна. Үйлдвэрүүд ажиллаагүй байх хугацаандаа бий болгосон алдагдлаа нөхөхийн тулд үйлдвэрлэлээ эргүүлээд хамгийн дээд цэгт нь хүргэж болзошгүй” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: https://www.carbonbrief.org/

https://www.channelnewsasia.com/