Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд

Уур амьсгалын өөрчлөлт нь XXI зуунд дэлхий дахинд тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг  юм. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн улмаас бидний амьдрах орчин өөрчлөгдөж мөнх цаст уул, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна. 1990 оноос хойш агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тэмдэглэгджээ. Харин өнгөрөгч 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа. Цаашид хүлэмжийн хийн ялгарлаас үүдсэн уур амьсгалын удаан хугацааны өөрчлөлт нь агаарын температурыг нэмэгдүүлээд зогсохгүй үер ус, байгалийн гаралтай аюулт үзэгдлийн эрсдэлийг улам нэмэгдүүлнэ гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бус байдлаар ихээхэн нөлөөлж байна.

Гадаргын температурын өсөлт нь зөөлөн уур амьсгалтай бүс нутагт өвлийн улиралд гарах хүн амын нас баралтын тоо буурах, зарим бүс нутагт хүнсний үйлдвэрлэлийн бүтээмж өсөх зэрэг эерэг нөлөөллийг үзүүлдэг авч хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл сөрөг байх хандлагатай. Мөн цэвэр агаар, хүрэлцээтэй хүнс, ундны цэвэр ус, аюулгүй орон байраар хангагдах гэх мэт хүний эрүүл, аюулгүй амьдрах суурь орчин, нөхцлийг тодорхойлогч нийгэм, байгаль орчны хүчин зүйлүүдэд уур амьсгалын өөрчлөлт нь эерэг ба сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Флорида мужийн Их Сургуулийн судлаачдын баг 1997 оны 1 дүгээр сарын 1-ээс 2018 оны 2 дугаар сарын 28 хүртэлх хугацаанд нийт 7,729 хоногийн цаг агаарын дүн мэдээг ашиглан цаг уурын хэлбэлзэл болон агаарын дундаж температурын ажиглалт, судалгааг хийжээ. Мөн харгалзах хугацаанд дөрвөн орны томуу, томуу төст өвчний багц мэдээг ашиглан статистик шинжилгээ хийсэн байна. Өмнөх судалгаанаас харахад өвлийн улиралд агаар чийгтэй, температур бага үед вирус дэгдэх тааламжтай нөхцөл бүрддэг байна. Харин сүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд амьсгалын замын голомтот халдварын тархалт нь цаг уурын тогтворгүй нөхцөлтэй салшгүй холбоотой бөгөөд улирал огцом солигдож хүний биеийн дархлаа доголдохтой зэрэгцэн томуу, томуу төст өвчний халдварт өвчинд илүү өртөмтгий болж буйг тогтоожээ. 

 

 

 

Монгол Улсын хувьд 2009 онд Монголын анагаах ухааны академи, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн уур амьсгалын өөрчлөлт  хүний  эрүүл мэндэд  хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийжээ

 Судалгааны дүнгээс товч танилцуулбал:

  • 1985 оноос 2007 оны хугацаанд амьсгалын замын өвчлөл тасралтгүй буурч ирсэн нь дэлхийн дулааралтай холбоотой хэмээн судлаачид үзжээ. 2017 оноос эргээд өсөх хандлагатай болсон нь хэт хуурайшилт, тоосжилт болон агаарын бохирдолтой холбоотой хэмээжээ.
  • Зүрх судасны өвчлөл нэмэгдэж буй нь хэт халалттай ихээхэн хамааралтай болохыг гадаадын судлаачид онцолдог. Харин манай улсад энэ өвчлөлөөс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хэт халалт байх боломжтой хэмээн үзжээ.
  • Томуу томуу төст өвчин, хатгалгаа, амьсгалын  замын бусад цочмог халдвар нь нэн хуурай, хуурай сэрүүн бүсэд зонхилж, дээрх өвчнүүдэд хүүхэд илүү өртөмтгий байгааг судлаачид тогтоожээ.
  • 0-16 насны хүүхдүүдийн дунд тохиолдож буй амьсгалын замын өвчлөлд насанд хүрэгчдийн адил байгалийн нөлөөллөөс гадна хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий, нарийн ширхэглэгт тоосонцор зэрэг агаарын чанарын үзүүлэлтүүд нөлөөтэй байгаа ажээ. Байгалийн гаралтай нөлөөллөөс гадна хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий, нарийн ширхэглэгт тоосонцор зэрэг агаарын чанарын үзүүлэлтүүд нь 0-16 насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөлд насанд хүрэгчидтэй ижил хэмжээнд нөлөө үзүүлсэн байна.
  • Сүүлийн үеийн судалгаагаар манай оронд ойн хачгаар дамжих хачигт энцефалитын өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлтэй зарим талаар холбогдож болох юм. Доорх зурагт Монгол орны ой мод зонхилдог төвийн бүсэд зуны эхэн үе болох 5-7 сарын хоорондох хачигт энцефалитын  халдварын тохиолдол болон гангийн индексийн хоорондын хамаарлыг харуулав.

 

Тиймээс уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхөөс илүүтэйгээр сөргөөр нөлөөлөх нь өндөр байна. Энэ нь цаашлаад аль хэдийн үүссэн халдварт өвчин болоод шинээр үүсэх халдварт өвчнийг нэмэгдүүлж болзошгүй байна.

 

Дүрмийн алдааг Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газрын Монгол хэлний дүрмийн алдаа шалгагчаар шалгасан болно.

Эх сурвалж:

https://www4.unfccc.int/sites/SubmissionsStaging/NationalReports/Documents/06593841_Mongolia-NC3-2-Mongolia%20TNC%202018%20print%20version.pdf
http://www.mne.mn/wp-content/uploads/2019/08/Tuluv-Baidal-Tailan-2017-2018_2_compressed.pdf 
http://namem.gov.mn/view/2577 
https://www.who.int/news-room/fact-sheets/detail/climate-change-and-health 
https://www.sciencedaily.com/releases/2020/01/200130131006.htm 
https://ikon.mn/n/1j1v