Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд болон 21 аймгийг хамарсан Коллект Еарт/Collect earth/ программыг ашиглах цахим сургалт зохион байгуулагдлаа.

Коллект Еарт/Collect earth/ программ нь Гүүглэ Еарт/Google Earth/-ээр дамжуулан мэдээлэл цуглуулах боломжийг олгодог хэрэгсэл бөгөөд өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураглал, мэдээллийг ойн тооллогыг дэмжих, Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарыг үнэлэх, Хөдөө аж ахуйн газар болон хот сууринд мониторинг хийх гэх мэт олон зорилгоор ашиглах боломжтой байдаг.


 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод холбогдох мэргэжилтнүүдийг хамарсан хүрээнд “Openforis болон Collect earth” программаар газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээ хийх 1-р үе шатны сургалтыг “Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байсан.
Харин хоёрдугаар үе шатны сургалтыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан /Ковид-19 халдварт өвчин/ уг сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 03-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтыг “ZOOM” программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр явуулахад аймаг нийслэлийн мэргэжилтнүүдийн ирц бүрэн, оролцоо сайн байгаад зогсохгүй, программ, техник хангамж сайн байсан тул аймаг тус бүрд газар ашиглалтын өөрчлөлтийг тодорхойлох 100-150 цэгийг сонгон авч туршилт хийж явууллаа.

Монгол улсын үндэсний хэмжээний газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээ хийх ажлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нар 2019 оноос эхлэн хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. Түүний хүрээнд сургалтын зорилго нь хөдөө аж ахуй, ойн болон бусад газар ашиглалтын салбарын тайлагналтыг сайжруулах арга зүйн боловсруулалтад дэмжлэг үзүүлэх, Коллект Еарт/Collect earth/ программыг ашиглан газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийг үнэлэхэд мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, Парисын хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн болон бусад газар ашиглалтын салбарын ил тод байдлын тайлагналтад дэмжлэг үзүүлэх, нэгдүгээр үе шатны сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмших юм.